
Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Батлан Хамгаалахын сайд Л.Болд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нар манай улсад анх удаа ирсэн “Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидттэй уулзалт хийж, Монгол Улс “Google” корпорацитай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна. «Google» корпорацийн гүйцэтгэх захиралтай хийсэн уулзалтын гол үр дүнд дэлхийн 50 гаруй орны хэлийг орчуулдаг “Google translation”-д Монгол хэлийг оруулахаар болсон байна. Уг программыг оюутан залуус, сурагчид гээд интернет орчинд ажиллаж чаддаг хэн бүхэн ашигладаг бөгөөд өмнө нь монгол хэл байгаагүй учир өөрсдийн мэддэг бусад хэлнээсээ давхар орчуулах гэх мэт хүндрэл тулгардаг байсан юм. Мөн уулзалтын хүрээнд андроид маркет дээр Монгол программистуудын боловсруулсан аппликэйшнийг борлуулах нөхцлийг бүрдүүлж уг тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Мөн Монголоос андроид маркет руу хандалтыг нээснээр манай улсын хэрэглэгчид гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоотой болохыг дурдсан байна. “Google Earth” хэмээх интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж чадсан аппликэйшн программ хангамжинд улсын нийслэл болон томоохон хот суурин газрыг “Street view” үйлчилгээнд хамруулан Монголын зургийг тогтмол шинэчилж байх асуудлыг энэ удаагийн уулзалтаар хэлэлцжээ. Мөн манай улсад Google data center байгуулах саналыг МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ тавьсан байна. Үүнийг “Google”-ийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмит судалж үзэн хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолжээ. Мөн МШХХТГ-ын зүгээс “Google” компанид богино, дунд хугацаараар тодорхой чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх талаар санал тавьсан байна. Монголд анх удаа ирсэн ноён Эрик Шмидтийн хувьд манай улсад Мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжих бололцоог буйг онцлоод, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ.
No comments:
Post a Comment